12.17

Эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд авч явсан хэрэг дахин гарлаа

ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ АМЬ НАСАНД НЬ ХҮРЧ, ХОТООС ГАРГАЖ 
ХАЯХ АРГАА ХАЙЖ ЯВЖЭЭ.

Сүүлийн үед ханилсан ханиа, хайрлаж чадна гэж амалсан хайрт бүсгүйгээ, хамтран амьдрагчаа хөнөөх, амь насанд нь хүрэх аймшигт хэрэг гарах болсон нь сэтгэл хэрдхийлгэм. Тэр тусмаа кинонд гардаг шиг машиныхаа тээшинд ачаа бараа аятай ачаад явж байна гэдэг санаанд багтамгүй юм. Тав, зургаахан сарын өмнө ийм хэрэг гарч, олон нийт энэхүү мэдээллийг цочирдон хүлээж авч байсан билээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Toyota Prius” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсныг цагдаа нар олсон. Улмаар шуурхай ажиллан, сэжигтэн этгээд эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд хийсэн байсныг тогтоосон байдаг.

Цагдаагийнхны мэдээлснээр, Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б нь боомилуулсан байдалтай амиа алдсан байсан бөгөөд нөхөр болох н.Ганнямыг дунд сургуульд сурч байхаасаа мэддэг, хэдэн жилийн өмнөөс гэр бүл болж хамтран амьдарч, гурван настай хүүтэй болсон байсан гэдэг. Гэвч гэр бүлийн явган хэрүүл, түр зуурын уурын мунхагаас болж энэ эмгэнэлт байдалд хүрсэн юм. Энэхүү хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй байгаа.

Яг үүнтэй адил хэрэг уржигдар буюу мягмар гаригийн шөнө нийслэл хотод гарлаа. Тодруулбал, энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хайлаастын хуучин эцсийн буудлын орчимд 02:05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шөнийн эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байжээ. Улмаар автомашинуудыг зогсоон, драйгер үлээлгэж, бичиг баримтын зөрчилтэй эсэхийг нь шалгасан байна. Гэтэл “Toyota raum" маркийн автомашинтай, 30 настай, Э гэх жолооч сэжиг бүхий байсан тул машиныхаа тээшийг онгойлгож үзүүлэхийг шаарджээ. Гэтэл байж боломгүй зүйл олж харсан бөгөөд тэрээр эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд хийгээд явсан нь ил болж, тэр даруй баривчилсан байна.  Тэрбээр хамтран амьдрагч А-тайгаа маргалдаж, зодолддог байсан гэх бөгөөд хэрэг гарсан өдөр согтуурсан үедээ эхнэртээ уурлан зодож, улмаар амь насанд нь хүрсэнээ хүлээжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Э-гийн гэм буруутай тогтоогдвол 15-20 жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсох юм.

Тэрбээр энэхүү аймшигт хэргийг гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд үйлдэж, цогцосыг нь нуун далдлах аргаа хайж, эцэст нь хотоос гаргаж хаяхаар шийдээд явж байсан ажээ. Талийгаач А-ийн хувьд 29 настай, сэжигтэн Э-тэй хамтран амьдраад тун ч удаагүй байжээ. Хүзүүн тус газраа хоёр удаа хутгалуулсан улмаас амиа алдсаныг эх сурвалж мэдээллээ. Талийгаачийн цогцосыг задлан шинжилгээнд оруулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Б.ЦЭЛМЭГ