Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах тогтоол гарсантай холбогдуулан манай сайтаас "Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье" цуврал найман нийтлэлийг хүргэсэн билээ. Уг төв нь Хүүхдийн авьяас чадвараа нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, соёлтой, үр дүнтэй өнгөрүүлэх, хүүхдийн хүсэл, мөрөөдлийн төлөө тэмцэх, өөрийн сонирхолдоо хөтлөгдөн дуртай дугуйландаа үнэ төлбөргүй хамрагдан, тив, дэлхий, олон улсын давцанд эх орныхоо нэр алдрыг цуурауйтуулсан авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэдэг Монголдоо цор ганц үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн байгууллага билээ. Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчилах нь хүүхдийн авьяас чадвар, хүсэл мөрөөдлийг хязгаарласан, тэдний сурч боловсрох эрх, боловсролыг үнэ төлбөргүйгээр эзэмших эрхэд төр шууд утгаараа нөлөөлж байна хэмээн олон нийт хүчтэй эсэргүүцэж байгаа учраас бид энэ удаагийн цувралаараа эцэг эхчүүдийн санаа бодлыг хуваалцаж байгаа юм.
ХҮҮХЭД Ч БАЙ, ДАРГА Ч БАЙ ДАССАН ГАЗРЫН ДААВУУ ЗӨӨЛӨН БАЙДАГ ЮМ
Хүүхдийн урлан бүтээх төвийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Ламжав:
Иргэдэд хамгийн их хамааралтай энэ асуудлыг анх гарсан цагаас нь эхлээд бид одоо хүртэл тэмцэж байна. НИТХ-ын тогтоол, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт болон эцэг эхчүүдийн гарын үсэг зэрэг холбоотой бичиг баримтуудаа цуглуулаад нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлэхээр бэлтгэж байна. Мөн цаашлаад Нийслэлийн шүүхэд хандахаар төлөвлөөд байгаа. Гэрийн суурь хүмүүжлээс гадна хүүхдийн боловсролын хүмүүжил гэдэг бол маш чухал асуудал. Хүүхдүүд өөрсдөө хичээлдээ явахаасаа илүүтэйгээр дугуйландаа явахыг эрмэлздэг. Өөрийнхөө авьяас, хүсэл мөрөөдлийг ямар нэг төлбөр мөнгө, албан шахалтгүйгээр цор ганц өөрийн дур сонирхол, чин хүслээрээ жигүүрлэн Урлан бүтээхийн энэ дугуйланг зорьдог. Чөлөөт цагаа маш бүтээмжтэйгээр өнгөрүүлж, ур чадвар, оюуны хөрөнгө оруулалтыг өөртөө бий болгож байна. Гэтэл хүүхдийн энэ цайлган зан, гэгээн хүсэл рүү ус цацаж, хичээллэх байргүй болгох гэж байна. Бид хүүхдийнхээ ирээдүй, тэдний боловсрол, хүмүүжлийн төлөө нэгдэж Урлан бүтээхийн энэ барилгыг хувьчлахын эсрэг хатуу тэмцэхээр шийдсэн. Энэ барилгыг хувьчлаад дугуйлангуудыг нь дүүргүүдэд шилжүүлнэ гэсэн. Дунд сургуулийнхаа зураг хөдөлмөрийн багшийг олигтой цалинжуулж чаддаггүй дүүргүүд дугуйлангийн багш нарыг ажиллуулах хүч, төсөв мөнгө байх уу. Үнэхээр дүүргүүдэд ийм төрлийн дугуйлан хичээллэдэг байсан бол манай хүүхэд өдийд энд биш тэнд сурах байсан юм, уучлаарай. Уучлаарай дарга нар аа, дассан газрын даавуу зөөлөн байдаг юм шүү. Хүүхэд ч гэсэн өөрийн дуртай, дассан орчиндоо сурч, хөгжхийг хүсдэг юм билээ.
ГАЗАР НЬ НИЙСЛЭЛИЙНХ ЮМ БОЛ БАРИЛГА НЬ АРД ИРГЭДИЙНХ ШҮҮ
Сүхбаатар дүүргийн иргэн, Хувцас загварын болон авто нислэгийн ангийн суралцагчдын аав С.Өнөрбаатар:
Энэ газар нь нийслэлийн өмч юм бол барилга нь ард иргэдийнх шүү. Анх иргэд, хөдөлмөрчид, малчдаас хөрөнгө цуглуулж байж хандиваар босгосон барилга юм билээ. Ардчилсан нийгэмд төр, иргэнийхээ өмчид халдаж болдог юм бол бид аав ээжийнхээ өргөсөн хөрөнгийг буцаан авч, хүүхдийн шинэ ордон барьж өгье. Барилгыг нураах гэж байгаа, хувьчлах гэж байгаа шалтгаан нь газрын худалдааны луйвар шүү дээ. Энэ барилгыг барьсан, зураг төслийг нь гаргасан хүмүүс засаж болно гэсэн. Мөн Японы судлаачид, мэргэжилтнүүд ирээд "Нурахгүй ээ, засаад ашиглаж болно" гэж хэлсэн. Тэд чинь хуурай газар бүү хэл усан дээр арал үүсгээд түүндээ олон давхар гайхалтай уран барилга барьчихдаг улс. Өөрсөддөө итгэдэггүй юмаа гэхэд япончуудад итгэж болно шүү дээ. Энэ барилгыг засаж чадахгүй, мөнгөгүй байгаа юм бол чаддаг, мөнгөтэй хүмүүстээ эрхээ шилжүүлээч дээ. Хүүхдүүдээ гудамжинд гаргадаг өрхийн тэргүүн гэж байдаггүй юм шүү, Э.Бат-Үүл баатраа.
ХОЁР ХҮҮХДЭЭ ДУГУЙЛАНД НЬ ЯВУУЛМААР Л БАЙНА

Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн, сүрлэн наамлын ангийн суралцагчийн эмээ, өндөр настан Б.Сосорбарам:
Нийслэл ганц барилга засах мөнгөгүй юм бол ард түмэн хандив өргөөд босгосон барилгаа өөд татчих боломжтой. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө нас өтөл болсон би өвдгөө чичиртэл алхаж ирлээ. Хичнээн мянган хүн төгсөж, хичнээн олон хүүхэд сурч байгаа барилга билээ дээ. Үе удмынхаа ур ухааныг залгуулж яваа хоёр ачийнхаа сурдаг энэ дугуйланг тийм ч амархан хувьчлуулчихмааргүй байна. Ардчилсан нийгмийн ардын баатар чинь арай ч ийм арчаагаа алдсан, ухаан муутай хүн биш баймаар юм.
www.unen.mn