12.18

“Тарифгүй хийд”-ээс үүдсэн бодол

Хэдий сүжиггүй ч, хийд орох хэрэг гараад байгаа тухайгаа харилцуурын цаана найз минь төвөгшөөнгүй хэллээ. Уулзах шаардлага байсан тул хаана очих гэж байгааг нь асуухын өмнө өөрийн мэдэлгүй “Юу болоов” гэж зовиноод амжсан юм. Найз сүртэй зүйл хэлээгүй ч “Дашчойлин хийд. Яагаав нөгөө Ардын эрхийн тэнд байдаг ном уншуулахад тарифгүй... тэнд уулзъя” гэж сунжруулав. 

Энэ ярианы дараа сүм хийдийн тухай багахан эргэцүүлээд амжсан юм. Эргэцүүлэл гэх үү, дүгнэлт гэх үү. Юутай ч нэгдүгээрт, сүм хийд бол зөвхөн уй гашуу тохиолдсон, эсвэл ажил хэрэг нь бүтэмжгүй хүмүүс очиж ном уншуулж, зул өргөдөг газар гэж ихэнх хүмүүс ойлгодог. Би ч өөрөө саяын тохиолдолд бараг л автоматаар “Юу болоов” гэж асуугаад авах жишээтэй. Хоёрдугаарт, сүм хийдэд очвол ном уншуулж, зул өргөхөөс өөр сонирхолтой зүйл үгүй мэт үздэг. Гуравдугаарт, бид сүм хийдийнхээ тухай танин мэдэхийг хүсдэггүй, бараг зарим хүмүүс нэрийг нь ч мэддэггүй гэхэд хэлсдэхгүй. Ямар сайндаа л “тарифгүй хийд” гэх нэр өгч байхав дээ. 

Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэнгийн “Сүм хийд одоогоор зовсон хүмүүсийн очдог газар л болчихоод байна, гэхдээ цаашид аз жаргалтай хүмүүсийн цугладаг газар болох болно” гэж хэлсэн нь санаанд орж байна. Тийм ээ, сүм хийд бол зөвхөн аврал эрж, аргаа барахдаа очдог газар бус үр хүүхдээ дагуулан өв соёл, түүхээ танин мэдэх газар юм.  Өөрөөр хэлбэл бид сүм хийдийг “зориулалт”-аар нь ашиглахгүй яваа юм биш үү. 

Өнөөх “Тарифгүй хийд” хэмээгдсэн Дашчойлин хийдийн нэрийг Бурхан багш Шагжамунийн шадар зургаан Архадын нэг болох Бакула Ринбүчэ багш хайрласан бөгөөд Дашчойлин гэдэг нь Өлзий хутгийн номын орон гэсэн утгатай үг аж. Тус хийд нь 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөснөөр бурхан шүтээнийг нь устган үгүй хийж, хурал номыг нь тасалдуулж, хийдийн байрыг эд хогшлын агуулах хэлбэрээр ашиглаж байжээ. Харин шашин шүтлэг чөлөөтэй болсноор 17-р жарны цагаан морин жилийн зуны сүүл сарын шинийн дөрөвний Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 1990 оны долдугаар сарын 26-ны өдөр дахин сэргээн байгуулсан юм. 
Дашчойлин хийд одоогоор Бурхан багшийн дараагаар Замбуутивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын тав дахь бурхан болох Майдар бурханыг дуган сүмтэй нь барих төслийг эхлүүлэн хэрэгжүүлж буй. Энэхүү Хүрээ Майдар бурханы эх загварыг Чойжин ламын сүм музейд залж буй анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурханаас хуулбарлан томруулах аргаар 1.6 метрийн өндөртэй бүтээсэн нь Төвд, Хятад болон Азийн бусад орнуудад бүтээгдсэн Майдар бурханаас ялгарахуйц ур хийцээрээ монгол дүр төрхийг агуулсан бүтээл болж чадсан гэж үздэг байна. Удахгүй энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар Дашчойлин хийд гадаад дотоодын олон зочдын очих дуртай газар болох биз ээ. 

Нийслэлд үзэж танилцахад буруутахгүй арав гаруй сүм хийд бий. Олон зуун жилийн түүхтэй тэдгээр сүм хийдээс үе улиран хадгалагдаж ирсэн эртний нандин шүтээнүүдийг харж болно.

Сүм хийд бол буяны их хүч хуримтлагдсан энергийн өргөө гэж буддистууд үздэг. Түүнчлэн сүм хийд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийдийг 1760 онд Гуравдугаар Богд байгуулсан бөгөөд тухайн үеийнхээ эрүүл мэндийн салбарыг хариуцаж байснаараа онцлогтой. Гэвч 1938 онд хэлмэгдүүлэлтэнд өртөж устсан ч 1990-ээд оны эхээр дахин сэргээсэн юм.  Тус хийдэд Наймдугаар Богдын мутраараа хайрлаж үлдээсэн “Анагаах ухааны дөрвөн үндэс” хэмээх түүхэн судар бичгээс гадна уламжлалт анагаах ухааны маш ховор нандин судар бичгүүд бий. Мөн Завхан аймгийн Дуутын хүрээний цогчингийн шүтээн байсан Балданлхам бурхан, Архангайн Тариатын хүрээний их найрын Гомбогүр шүтээн, Долцон хувилгааны үе улируулж хадгалуулсан бурхан, Дилов, Нарав хутагтын хүрээ татдаг байсан алтан яачил тэргүүтэй бурхан шүтээний олон нандин зүйлс хадгалагдан шүтэгдэж буй. Эдгээр бурхан шүтээнийг зөвхөн хараад, сүсэглээд өнгөрөх бус түүх намтрыг нь танин мэдэх нь хамгийн чухал. 

Нэгэн жишээ дурдахад, Манба дацан хийдийг дахин сэргээн байгуулчихаад цагаан сарын битүүний хурал хурж, Балданлхам бурханыг залах ёстой байжээ. Гэвч хийдийнхэнд тухайн үед шүтээн болгоод залчих томоохон хэмжээний Балданлхам бурхан байгаагүй тул хамба лам өөрт байсан жижиг бурханаа залахаар зэхэж байсан гэдэг. Гэтэл орой хурал хурахын өмнө гэнэт Балданлхам бурхан залагдсан байсан бөгөөд чухам хэн түүнийг авчирсан нь одоог хүртэл тодорхойгүй. Тиймээс тэрхүү бурханыг Аранжон Балданлхам буюу өөрөө заларсан Балданлхам хэмээн нэрлэж, олон жил гол шүтээн болгон залсаар иржээ. 

Бас нэгэн түүх өгүүлэхэд, Дамбадаржаалин хийдэд богд Зонхавын томоохон хэмжээний баримал байсныг 1937 оны үед хийдийн өмнөх жалганд цээж толгойгоор нь хуваагаад хаяж орхижээ. Харин үүнийг 1940-өөд онд Монголд ял эдэлж байсан Оросын армийн хэдэн хоригдол офицер олж баримлыг босгон толгойг нь залгаж тавьсан байна. Гэтэл төд удалгүй тэдгээр офицеруудын ялыг өршөөсөн тушаал Оросоос ирж, тэд нутаг буцсан гэдэг. Тэрхүү баримлыг 1950-аад оны үед Гандантэгчинлэн хийдийн хашаанд авчирч байрлуулсан бөгөөд одоог хүртэл байсаар буй. Энэ мэт та бидний зүгээр л хараад өнгөрдөг бурхан шүтээн өөр өөрийн гэсэн түүх, домогтой. Бага ч болов танилцаад авбал үр хүүхдээ дагуулж явахдаа сохроор шүтдэггүй гэдгээ харуулж, ядаж ярих зүйлтэй алхвал дээр биш үү. Зарим сүм хийдүүд музейнээс ч дутахгүй байх. Гагцхүү бид түүнийг танин мэдэх л дутуу байна. 

Гандантэгчинлэн хийдийн гол сүмд байх Мэгжид Жанрайсигт мөргөөгүй хүн ховор биз. Малгайгаа унагачихвий гэсэндээ барьж байгаад тэргүүн өөд нь хараа сунгаад л өнгөрдөг. Харин хэрхэн бүтээсэн тухай, түүнийг тойруулан нэг түмэн Аюуш бурхан, зэс барын 1000 Жадамба, Бурхан багшийн найман сэлтийг тойруулан байрлуулсан нь Жанрайсиг бурханы ивээл өршөөлийг үржүүлэхийн ерөөлийн бэлэгдэл болохыг хаа нэгтээ сонсож байсан уу. Тиймээс сүм хийдийн дундаршгүй өв, түүх соёлын их далайд аялаарай гэж хүсье. 

www.zaluu.com

М.Сувд