ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ ЯВУУЛСАН БҮЖГИЙН БАГШИД
ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?
Оюутны зуны амралтаар СУИС-ийн цэнгээнт бүжгийн багш н.Ганбаяр 16 оюутныг БНХАУ руу авч яван, цалин өгнө хэмээн гурван сар жуулчны баазад бүжиглүүлжээ. Тэрээр явахаасаа өмнө дээрх оюутнуудын эцэг эхчүүдэд “Таны хүү, охинд гурван сар бүжиглэсний хөлсөнд 2.4 сая төгрөг өгнө, оюутнуудаар өөрсдөөр нь сургалтын төлбөрийг нь олуулъя” гэж гэрээ хийсэн байна. Оюутнуудыг Хятадад очиход амалж байсан бүхэн нь эсрэгээр, нааран дээр унтан, хуурсан сонгино, бэлэн гоймонгоор хооллож, өглөө 8.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл бүжиглэж маш хүнд байдалд байсан аж.
Багш н.Ганбаяр нь дээрх оюутнуудын дунд нэг гар утас өгсөн ч тэр нь Монгол руу холбогдох боломжгүй байжээ. Тэрээр оюутнуудын эцэг эхчүүдэд "Хүүхдүүд сайн байгаа. Би ойр ойрхон очиж байгаа" гэж ярьсан байна. Бодит байдал дээр н.Ганбаяр оюутнууд дээр цөөхөн удаа очжээ.
"Багшаа буцъя. Энд хоол унд, ажиллах орчин маш хүнд байна. Хятадууд дээрэлхэж байна" гэхэд тэрээр “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног" гэсээр есдүгээр сарын 01 хүргэсэн байна. Оюутнууд хичээл эхэлснээс хэд хоногийн дараа Монголдоо иржээ. СУИС-ийн удирдлагын зүгээс багш н.Ганбаяр оюутнуудыг Хятад руу бүжиглүүлэхээр авч явсан талаар мэдээгүй хэмээн мэдээлж буй аж.
Өнөөдрийн байдлаар н.Ганбаярыг даган Хятад руу явсан оюутнуудыг хичээл тасалснаар тооцон, шалгалтад оруулахгүй, төлбөрөө хийхгүй бол төгсгөхгүй, жилийн чөлөө өгнө хэмээн сургуулийн захиргаанаас нь мэдэгджээ.
Багш Ганбаяр одоогоор ажлаа хийхгүй байгаа бөгөөд хүүхдүүдэд өгөх 2.4 сая төгрөгөөс нэг хүүхдэд 700 мянга орчим төгрөг өгөөд "Би Хятадуудад хулхидуулчихсан. Холбогдож чадахгүй байна. Та нарын мөнгийг өгч чадахгүй" гэж хэлэн утсаа ч авахгүй сураггүй алга болжээ.
СУИС-ийн Бүжгийн сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг “Ганбаяр цагийн багш. Тэгээд ч зуны амралтын хугацаанд гарсан асуудал учир сургуулийн захиргаанд хамааралгүй. Иргэний журмаараа шийдүүл” гэсэн хариулт өгчээ.
Хохирогч оюутнууд хэлэхдээ “Бид жуулчдын үлдэгдэл хоол идэж байснаа сүүлд мэдсэн. Өнөөдөр сургалтын төлбөрөө төлөөгүй учир шалгалтад оруулахгүй байгаа. Мэргэжлийн шалгалт эхэлж байна. Ганбаяр багшийг сургууль дээр ирээч гэхээр хөдөө явж байна, тийм ч ажилтай гээд ирдэггүй. Одоо бүр утсаар авахаа больсон”хэмээв. Хөдөлмөрийн мөлжлөг явуулсан СУИС-ийн багшид ямар хариуцлага тооцох вэ...
Эх сурвалж www.medee.mn