Капитал банкинд халдаж, 14 орчим сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны салбарт дээрэмчин этгээд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус банкинд 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж 14 орчим сая төгрөг дээрэмдэж, зугтаасан байна.
Харин уг хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай шалган дээрэмчин этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Дашрамд дурдахад хэдхэн хоногийн өмнө ах дүү хоёр Худалдаа хөгжлийн банкнаас 420 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан юм. Уг хэргийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж илэрүүлсэн бөгөөд банкыг хохиролгүй болгосон юм.
Ердөө 10 гаруйхан хоногийн дотор банк дээрэмдсэн хэрэг хоёр ч удаа гарлаа. Үүнийг нийгмийн ухамсар доройтож, юу ч хийхэд бэлэн боллоо гэж сошиал сүлжээгээр ярьж байна. Мөн энэ үйл явдлууд улс орны эдийн засгийн хямралтай шууд холбоотой юм. Монголын түүхэнд анх удаа ийм ноцтой хэргүүд дараалан гарлаа. Мэдээж цагдаагийнхан хэрэгтнийг шуурхай илэрүүлэх нь тодорхой. Хэрэгтэн хамгийн багадаа л гэхэд 10 гаруй жилийн ял сонсох магадлалтай.
Хамгийн ноцтой нь сошиал ертөнцөд эдгээр мэдээллийг цацагдахад “Битгий баригдаасай, Болж байна, Татвар төлөгчид луйвардуулсан мөнгөө эргүүлэн олж авах арга замаа олжээ” гэх зэрэг санал сэтгэгдэл бичигдэж, яригдаж байна. Хамгийн аюултай зүйл бол энэ. Ядууран доройтсон нийгэм өнөөдөр гэмт хэргийг хүртэл өөшүүлэхэд бэлэн болжээ. Энэ бол нэг хэсэг нь тэнгэрт тултал баяжиж, нөгөө хэсэг нь туйлдаж байгаагийн шууд илрэл юм.
Г.Лхагваа