12.26

Газар өмчлөлийн цахим бүртгэлийн хугацаа энэ сарын 30-нд дуусна

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэлийн талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.ШИЖИРЭЭС дараах зүйлийг тодрууллаа.

 

-Газар өмчлөлийн тавдугаар ээлжийн цахим бүртгэлийн хугацааг сунгасан талаар тодруулна уу?

-Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 29-нд дуусах байсан ч “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” тохиож байгаа тул 30-ны 12.00 цагт хаахаар боллоо. Нийт 52 байршилд, таван удаа цахим бүртгэл явуулна. Үүний сүүлчийн ээлж оны төгсгөл буюу энэ сарын 14-нд эхэлсэн. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны I хэсгийн 16, тоосгоны II хэсгийн 149 нэгж талбар, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлж байгаа юм. Мөн нэгээс дөрөвдүгээр ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулж байна.

-Бүх нийтийн амралтын өдөр буюу 29-нд систем ажиллах уу?

-Тэр өдөр систем хэвийн ажиллана. Өөрөөр хэлбэл, цахим бүртгэл явагдана. Харин 30-ны 12.00 цагт бүртгэл хаагдаж, сонголт автоматаар эхэлнэ. Ингээд8088 хүнийг сонгоно. Сонгогдсон мэдээг хүлээж авсан иргэд ирэх сарын4-нөөс тухайн дүүргийнхээ Газрын харилцааны албанд биеэр очиж өргөдлөө баталгаажуулах ёстой. Өргөдөл баталгаажуулах хугацаа мөн 14 хоног байна. Сонгогдсон хүн иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг наториатаар баталгаажуулаад очиход бусад хуульд заасан шаардлагатай бичиг баримтыг манай салбарын ажилчид бүрдүүлж өгдөг.

-Бүртгэлд одоогоор хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?

-Энэ удаагийн газар өмчлөлийн нэг онцлог нь иргэд ухаалаг утасны “Газар өмчлөл” аппликейшнээр дамжуулан өргөдөл өгөх боломжийг бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар цахим бүртгэлд 73746 иргэн өргөдөл ирүүлсэн бөгөөд үүний 30 хувь нь гар утсаараа өргөдлөө бөглөсөн.

Ц.Заяа www.unen.mn