12.26

Үзэж харахаа хязгаарлуулсан хүүхдийн амралт

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн I-IV ангийн сурагчдын ээлжийн амралт энэ сарын21-нээс эхэлсэн. Тэд бүтэн сар амарна. Сургуулийн захиргаа өвлийн идэр хүйтэнд сурагчид гэртээ байснаар ханиад томуунаас ангид байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг“гэрийн хорион”-д байлгах юм. Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд томчууд нь баяр, цэнгүүн хэсч, амарсан сурагчид гэрээ сахиж, зурагтын суваг эргүүлсэн шиг л өдрийг өнгөрүүлж байна. Сурагчдын амралтад зориулсан тоглолт, циркийн үзүүлбэр, концерт тун ховор болжээ. Хүүхдийн театр“Хүслээр ирдэг шинэ жил-3” гэх ганц жүжиг тоглож байгааг эс тооцвол сурагчдын мэлмийг баясгах сонин содон зүйлгүй шинэ жил, амралт болж байна. Уг нь Зул сарын баяр хүүхдүүдээ баярлуулж, тэдэнд зориулсан бүжиг наадмаар бялхсан өдрүүд биш билүү. Хамаг л гоё ганган хувцсаа өмссөн бяцхан хүүхдүүд үеийн найзуудтайгаа мөсөн хотхонд тоглож, кино, жүжиг үзэж баярладаг. Гэтэл өнгөрсөн жил мөн л улирлын амралтаар улаан бурхан өвчний халдвар их байна гэж эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж, бүтэн сар гэрийн хорионд байлгасан санагдана. Алийн болгон хүүхдүүдээ хоолтой хоолгүй гэрт хорьж, үзэж харахаар нь хязгаарлах юм бэ. Ер нь Монгол Улсад хүүхдийн урлаг байна уу. Хүүхдийн урлан бүтээх төвийг хотын дарга нь мөнгө босгохоор хувьчлалын дансанд бүртгэчихсэн. Ийм л нийгэмд хүмүүжиж байгаа хүүхдүүд солонгос сериал үзэж, хүчирхийллийн сэдэвтэй хүүхэлдэйн киногоор“амьсгалахгүй” гээд яах юм бэ. Тэднийг урлагаар хүмүүжүүлэх үүрэгтэй байгууллага, мэргэжилтэн дутагдалтай байна. Ядаж хүүхдийн амралтаар тэдэнд зориулсан тоглолт, жүжиг найруулчих хэрэгтэй юм шүү дээ.

 

 

Б.Дэлгэр

www.unen.mn