12.28

Хүйг нь цөглөлгүй хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж байна

Дөнгөж төрсөн нярайгаа хүй нь ч цөглөөгүй байхад хүйтэн орцонд орхиод явсан хэрэг энэ сарын 14-нд гарсан билээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-9-р байрны 40 тоот хаалганы үүдэн дээр хүүхдээ орхисныг нэгэн охин олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг.

Тухайн өдөр нярайг олох үед биед нь эд зүйл, бичиг байгаагүй гэх бөгөөд тэрээр нимгэн, дан өлгийтэй байжээ.

Энэ талаар Орхон аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр нярайг гэрийн нөхцөлд төрүүлээд  10-12 цагийн  дараа  хаясан байж болзошгүй аж. Тиймээс Орхон аймагт тухайн өдөр төрсөн эмэгтэйчүүдийн мэдээллийг шүүж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Гэмт этгээдийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг нууцалж, өндөр төлбөртэйгээр мэдээллийг авах аж.  Хэрэв нярайг хаясан эхийн талаар мэдээлэл өгөхийг хүсвэл 99590029, 96590029 утсаар холбогдох боломжтой.

Одоогоор нярайг Орхон аймгийн Хүүхдийн эмнэлэгт эмчилж буй бөгөөд биеийн байдал сайн байгаа гэнэ.

 

www.eagle.mn

П.Жаргал