12.28

Олны үг ортой эсэхийг шалгалаа

-40 МЯНГААС 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭД ХҮРДЭГ БУГУЙН ЦАГ ЗҮҮДЭГ ЭРХЭМ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ ХЭР МЭДЭХ БОЛ-

Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Ингэснээр тус хуулийн гол заалтууд хүчингүй болсон тул банкууд орон сууцны найман хувийн зээл болоод барьцаатай зээл олголтуудаа зогсоогоод байгаа юм. Цэцийн шийдвэрийн дараа олон нийт “Дээрээ хөх тэнгэр байна гэж андуурсан тэтгэврийн хэдэн хөгшчүүд зах зээлийн тогтолцоог үгүй хийлээ”, “Цэцийн гишүүд шиг иргэд баян биш, тэд зээлээр орон сууцтай болдог юм” гэх зэргээр нилээдгүй шүүмжлэл өрнүүлэх болсон. Бид энэ сэдвээр “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа бэлтгэлээ.

Манай улсад Үндсэн хуулийн цэц нь 1992 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Цэцийн есөн гишүүдийг гурвыг нь УИХ, гурвыг Ерөнхийлөгч, мөн гурвыг нь Улсын дээд шүүх санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилдог. Цэцийн гишүүнийг томилохдоо хууль зүй өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно гэж заажээ.

Гэтэл сүүлийн үед цэцийн гишүүдийг тойрсон хэл ам, дуулиан шуугиан тасрахаа больсон. Тухайлбал, Өндөр албан тушаалтнуудын шалгуулж, шийтгүүлж байгаа авлига, мөнгө угаалтын том хэргүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэр үргэлж хавчуулагддаг. Гэтэл түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхтэй учир шалгаж болохгүй байгаа гэлцдэг. Саяхан Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн  захирал Ш.Батхүүгийн зээлсэн их хэмжээний валютын хэрэгтэй холбогдуулан Д.Сугарыг хуулийн байгууллага шалгах гэхэд нь Д.Сугарыг шалгуулахгүй гэсэн “дүгнэлт”-ийг Үндсэн хуулийн цэц хоёр ч удаа гаргасан. Цэц ингэж шийдээд байхаар Д.Сугарыг шалгах аргагүй юм байна лээ хэмээн Хууль зүйн сайд нь хүртэл учирлаж байсан. Энэ нь цагдаа, прокурорынхон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн өмнө үнэндээ хүчин мөхөсдөж байгааг шуудхан илтгэж байгаа хэрэг юм.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ид маргаан дэгдээж байх үед Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат Кайманы арлын “Монголиан майнинг" корпорациас (ММС) цалинждаг гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ дагуу АТГ-аас зохих хуулийн дагуу хяналт шалгалт хийхэд П.Очирбат Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл Цэцийн гишүүн П.Очирбат ММС-иас цалин авч байсан нь тогтоогдсон юм. Ингээд П.Очирбатад хариуцлага тооцуулах тухай албан тоотоо АТГ-аас зохих албан тушаалтнуудад хүргүүлсэн ч энэ мэдээлэл тэгэс, ингэс хийгээд л сураг алдарсан.

Дээрх мэдээллүүд бол хуулийн байгууллага болоод олон нийтийн өмнө аль хэдийн ил болсон баримтууд юм.

Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийх үеэрээ “Иргэд Цэцийн гишүүд рүү мессеж бичиж халдашгүй байдалд халдаж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл ҮХЦ-ын гишүүд үнэхээр халдашгүй бүрэн эрхтэй хүмүүс бололтой. Учир нь шинэ жилийн баярын цэнгүүнээ өнгөрсөн бямба гаригт зайсанд байрлах нэгэн газар хийхдээ цагдаагийн хамгаалалт гаргаж хийжээ. Мөн үйл явдалд оролцож байсан сэтгүүлч, зурагчины ажилд цэцийн гишүүний туслах гэх нэгэн эрхэм хэм хэмжээ тогтоож, авсан зарим зургуудыг нь устгуулж, “Хэрэв устгуулсан зургууд хэвлэлд гарах юм бол дэмий шүү” гэж анхааруулж, иргэний үнэмлэхийг нь хүртэл хуулбарлаж авсан байх юм.

Тэдний шинэ жилийн баярт оролцсон зарим нэг нь “Цэцийн гишүүдийн гоёл, чимэглэлийнх нь талаар дуу алдан хөөрөлдөж байна.” 46 мянгаас 110 мянга гаруй ам.долларын үнээр зарагддаг “Rolex yellow gold with daimond” 18 кратын шар алтан, алмазан шигтгээтэй Ролекс цагаар бугуйгаа чимсэн

Цэцийн гишүүн Д.Сугараас эхлээд, 550 ам.долларын үнэтэй “Burberry” Бүрбэрри брэндээр хөлөө чимсэн цэцийн гишүүдийн талаар хөөрөлдөж байна. Дэлхийн олон брэндүүдээс энэ гэж хэлж мэдэхийн аргагүй хийц, үзэмж сайтай сувд, сондор, зүүлтээр

чимсэн тэд гэр хорооллоос орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн амьдралыг мэддэг гэдэг нь эргэлзээтэй юм.

 

Н.МЯГМАР

www.medee.mn