Өнөөдөр Дорнод аймгийн www.dornod.mn сайтад “Манай аймагт дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ” гэх мэдээлэл гарсан юм. Тус мэдээлэлд “Урьд шөнө Дорнод аймаг дөрвөн ихэр хүүхдээр бүл нэмсэн тухай таатай мэдээг танд дуулгая. Шинээр мэндэлсэн дөрвөн ихэр бүгдээрээ хөвгүүд бөгөөд ээжийнх нь анхны төрөлт ажээ. Ихрүүдийн ээж хүндрэл багатай амаржиж, одоо бие нь сайн байгаа гэнэ.
Өнгөрсөн жил манай аймгийн нэгэн залуу гэр бүлд гурван ихэр хүү төрж байсан. Мөн сар гаруйхны өмнө Гурван сая дахь иргэний үе чацуутан хоёр ч шинэ иргэн манай аймагт мэндэлж, бүр нийтээрээ баяр хөөр болсон билээ. Тэгвэл Гурван ихэр, гурван сая дахь иргэд маань булган сүүл дагуулж, дөрвөн ихэр мэндэллээ. Сүүлийн хориод жилийн турш манай аймагт тохиолдоогүй ховор содон баярт үйл явдал ийнхүү жил дараалан тохиолдож буй нь Дорнодчууд бид илүү олуулаа, өнөр өтгөн болохын бэлгэдэл гэлтэй” хэмээн бичжээ.
Дээрх мэдээллийг цахим сайтууд ч мөн авч мэдээлсэн. Гэсэн ч энэ нь тус сайтаас 4 сарын 1-ний хууралт байсан аж. Ямартай ч нэгэн сэтгүүлч энэ талаар Чойбалсан хотын даргаас асуухад итгэж ядан баярласан ч эргэж холбогдоод “Чи яагаад хүн хуураад байгаан ор үндэсгүй худлаа зүйл байна” хэмээсэн байна. Ийнхүү Инээдмийн баярын өдрөөр дөнгүүлчихэв бололтой.
П.ТУУЛ