04.01

Ялтнуудыг нэг өрөөнд олноор хорих зөрчил илэрчээ

Монголын Хорих байгууллагын нөхөрлөл ТББ, Каритас Чех байгууллагууд хамтран хорих байгууллагуудын байрны ашиглалт, нөхцөл байдалд судалгаа хийсэн байна.

Энэ судалгаагаар улсын хэмжээнд байдаг 25 хорихын 40 хорих байр байдгаас 45 хувь буюу 21 байр нь хорихын бус зориулалттай байдаг аж. Уг барилгууд анх эмнэлэг, цэрэг, агуулах, аж ахуй, авто зориулалтаар барьсан барилгууд байна. Мөн нийт барилгын 22,5 хувь нь 50-иас  дээш жил ашиглагджээ. Сүүлийн 20 жилд ашиглалтад орсон барилгаас гэхэд нэг нь л зориулалтынх байна. 2002 оноос хойш хэд хэдэн зориулалтын байр ашиглалд оржээ. Тэрчлэн хорих ангийн байрлалаас шалтгаалан ундны усны эрүүл ахуй нэлээд зөрчигддөг, нэг хүнд ноогдох усны хэмжээ ч хүрэхгүй байна. Хорих ангиудын нийтлэг ужгирсан зөрчил нь ялтнуудын гэмт хэргийн нөхцөл, давтан болон анх хоригдож буйг ялгалгүй нэг өрөөнд олноор хорих явдал аж. Ингэх нь ялтнуудын засан хүмүүжих төлөвшил, зан суртахуунд сайнаар нөлөөлдөггүй , хоригдлуудын эрх зөрчигдөх үндэс болдог гэдгийг судлагааны багийнхан онцлон үзэж байгаагаа мэдэгдлээ.