МУГЖ, дуучин Т.Ариунаа шинэ жилийн баяраар өөрийн хүүхэд насны дурсамжийг хуваалцлаа. Тэрбээр хамгийн сайхан дурсамжтай шинэ жилийг хүүхэд байхдаа тэмдэглэж байжээ. Энэ тухайгаа дуучин бүсгүй маань эргэн дурсахдаа “Намайг хүүхэд байхад алим, мандарин ховор байсан. Тиймээс шинэ жилээр л иддэг эдгээр жимсээ хурдан идэхийн тулд энэ баярыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Бас би гэрийнхээ алим, мандарины хамгийн сайн хулгайч нь байсан. Айлын том нь болохоор ээж надад баяраар хүүхдүүддээ өгөх бэлэгнүүдээ хаана нууснаа итгээд хэлчихнэ. Тэгэхээр нь ээж, аавыг эзгүйд дүү нартайгаа нийлж байгаад хулгайлаад идчихдэг байлаа” хэмээн амьдарлынхаа гэгээхэн дурсамжаас хуваалцсан юм. Т.Ариунаа 2015 оныг өөрийн хувьд дүгнэхдээ хар, цагаан ээлжилсэн жил байсныг хэлээд амьдралын маш чухал гурван зүйлийг ойлгож ухаарснаа мөн ярьсан. Энэ нь эрүүл мэнд, элэг бүтэн амьдрал, эрх чөлөө юм байна.
Эх сурвалж: www.unen.mn